Оюутны ардчилал ба IN LOCO PARENTIS
Сайн байна уу ? Намайг Т.Бат-Эрдэнэ гэдэг би их сургуульд сурдаг. Бусадтай адилхан жирийн л нэг оюутан. Өглөө болгон аав, ээжээрээ дуудуулан босож, нүүр гараа угааж, цайгаа хагас дутуу уун, 26 гэсэн дугаартай цэнхэр өнгийн автобусанд чихэлдэн сургууль руугаа явдаг мянга мянган оюутны нэг.
Аав маань өглөөгүүр цай унд бэлдчихнэ, ээж энэ хувцасыг өмс дулаахан гээд бүх хувцасыг минь өмсүүлчихнэ. Хүүгээ гэсэн аав, ээжийнхээ бөөцийлөлд өлгийдүүлэн хүн болсондоо. Бодоод байх нь өдий 22 наслахдаа өөрөө бие дааж шийдвэр гаргаж, өөрийнхөө амьдралын хариуцлагыг үүрч байсангүй. Энэ байдал эцэстээ намайг хэн нэгний заасан зааваргүй амьдарч чадахгүй тийм сул дорой байдал руу оруулна гэж бас төсөөлж байсангүй.
Гэхдээ би энэ үгээр аав ээжийгээ буруутгахгүй. Харин аав ээжээс минь илүү оюутан намайг бөөцийлөн өлгийддөг сургууль, багш байна. Тэд намайг яг л жаахан хүүхэд шиг үзэж, өөрөө шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай хувь хүн гэж үнэлэхгүй, цаг ямагт өмнөөс минь шийдвэр гаргаж байхгүй бол алдаж эндэж мэдэх тэнэг, мулгуу хүн шиг бодож оюутан надад ямар ч сонголт хийх боломж олгодоггүй. Боловсрол дахь энэ үзэгдлийг IN LOCO PARENTIS гэж нэрлэдэг. Үүнийг бөөцийлөгдсөн оюун ухаан хөгждөггүй гэж утгачилан ойлгож болох байх.
Би өөрийнхөө илтгэлийг юуны учир "Оюутны ардчилал ба IN LOCO PARENTIS” гэж нэрлэсэн нь та бүхэнд одоо илүү тодорхой болж байгаа болов уу.
Би оюутны ардчилал гэдгийг "Мэдлэгийг өрсөлдөөнд оруулж, боловсролыг либеральчилан, сургалтын үйл явцад оюутны оролцоог өргөжүүлэх тухай ойлголт" гэж үздэг.
Харамсалтай нь энэ ойлголт Монголын боловсролын орчинд алга. Бид ихэнхдээ багшийн зөв гэсэн зүйлийн хэрэгтэй, хэрэггүйг ялгах эрхгүй тархиндаа хуулбар хийж, өөрийн төлсөн сургалтын төлбөртөө хяналт тавьж чадахгүй сургуулийн тансаглалын хажуугаар нүдэн балай чих нь дүлий явж, хичээл орох багшаа ч сонгох эрхгүй "Цэдэнбалын магтаал дуу" сонссон хэвээрээ, хоцрогдсон боловсролын утсан хүүхэлдэй болсоор байна.
Энд би IN LOCO PARENTIS-тай холбоотой оюутан миний амьдралд тохиолдсон, одоо ч дүү нарт минь тохиолдож буй хэдэн зүйлийг сөхмөөр байна.
Би хуульч болохоор сурч байгаа оюутан. Ирээдүйд олон олон хуульчдын адил болохгүй муу муухай асуудлыг шийдвэрлцэж, шударга ёс энэ нийгэмд бэхжихэд хувь нэмэрээ оруулна гэж итгэдэг. Тийм байхын тулд иргэний мэдрэмжтэй, шударга зан чанартай, хуулиа дээдэлсэн, бие даасан үзэл бодолтой, үнэнийг эрэлхийлэх зориг тэвчээртэй нэгэн байхыг хүсдэг. Би үүний төлөө их сургуульд сурч, боловсрол эзэмшихээр зүтгэж байна. Харамсалтай нь сургуульд бүх зүйл ийм байдаггүй ээ.
Багш нар өөрсдийн үзэл бодлоо энэ л зөв ганцхан энэ өнцгөөс харж байх ёстой гэсэн тулгалтыг сургалтын орчинд байнга гаргадаг. Жил гарангийн өмнө бензиний үнэ өсөхөд төр бензин импортолдог хувийн компаниудын асуудалд хөндлөнгөөс оролцож хэдэн төгрөгөөр борлуулахыг нь хүчээр шийдэж эхэлсэн. Яг тэр үед Үндсэн хуулийн эрх зүй гэдэг хичээл дээр багшаасаа төр ингэж хүч хэрэглэж болох хууль зүйн үндэслэл хаана байгааг асуухад багш маань тэд их мөнгө олдог баян хүмүүс гэсэн тийм хүмүүст төр хааяа төмөр нүүрээ харуулах хэрэгтэй гэх хариултыг надад өгөхөд нь уучлаарай багшаа би таниас хэн хэдэн төгрөг олдог талаар асуугаагүй харин хууль зүйн үндэслэлийг асуусан гэхэд багш маань чи тэгээд юу гээд байгаа юм бараг дүнтэй чинь ярина шүү гэж өөрийн үзэл бодлоо дүнгээр далайлган тулгасан. Энэ байдлын дараа нэг хэсэгтээ миний амны уншлага муусайн баячууд гээд өөрөө ч мэдэхгүй хэлдэг болсон. Хэрвээ би энэ чигээрээ баячуудыг үзэн ядах сэтгэлгээтэй сургуулиа төгсөж хуульч болсон бол аливаа хэргийг шийдэхдээ мөнгө муутай хүний буруу байсан ч тэр хүний талд шийддэг хуульч болж олон хүнд гай болох байсан гэдгээ сайн мэдэж байна. Бас өөрийн үзэл бодлоо хэлж аливаа зүйлд ухаалаг, хууль зүйн үүднээс хандаж сурах гэж оролдсон оролдлого маань муу дүн авахаас айж дуугүй сууж байх нь дээр гэсэн бялдуулчлалд бууж өгөхөд хүргэсэн. Гэхдээ ингэж айж явсны үр дүн нь ажил дээр гарсан хойно хичнээн иргэн хохирч байсан ч даргын хууль бус шийдвэрийг дагадаг тийм л хуульч болох байх. Оюутан бид өөрсдийн амьдралд хэрэг болох мэдлэгээ заалгах гэж мөнгө төлсөн болохоос хэн нэгэн багшийн зөв гэсэн зүйлийн хэрэгтэй, хэрэггүйг ялгаж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй шууд хуулбар хийх гэж мөнгө төлөөгүй шүү дээ. Энэ мэт хэрэггүй зүйлээр тархиа угаалгахгүй байх ганц зам бол бид өөрдсөө хэлж ярих хэрэгтэй.Түүнээс биш өөр хэнч бидэнд санаа тавихгүй.
Төрийн нууц шүү дээ. Би сургуулийнхаа номын сангаас ном авах гэхлээр номын хүрэлцээ муу байдгаас хэрэгцээтэй номоо тэр болгон авч чаддаггүй байлаа одоо ч гэсэн хэвээрээ. 2-р курст байхдаа оюутан миний төлсөн төлбөр ер нь юунд зарцуулагддаг талаар мэдээлэл авч яагаад сургуулийн оюутнуудад хүрэлцэхээр ном авч болохгүй байгааг мэдэхээр сургуулийнхаа нягтлан дээр ороод өөрийнхөө төлсөн сургалтын төлбөрийг юунд зарцуулдаг талаар мэдэхийг хүсэхэд нягтлан маань энэ бол төрийн нууц тийм учраас өгөх боломжгүй гэсэн хариуг надад өгсөн. Яагаад оюутан миний төлсөн сургалтын төлбөр төрийн нууц болчихвоо? Би ерөөсөө ойлгосонгүй. Дараа нь сургуулийнхаа захирал дээр ороод төлбөрийн зарцуулалтын талаар мэдээлэл авах хүсэлтээ хэлтэл наад захын нэг оюутанд бүхэл бүтэн байгууллагын санхүүгийн тайланг өгөхгүй гэсэн хариуг авдаг юм байна. Би буруу ойлгоогүй бол захирал нягтлан хоёр маань миний сургалтын төлбөрөөс цалин авч надад үйлчилж байх ёстой хүмүүс баймаар. Гэхдээ суусан цэцнээс явсан тэнэг нь дээр гэдэгчлэн манай сургуулийн нийт оюутны төлбөрөөс 75-н сая төгрөг оюутнууддаа зарцуулагдаж чаддаггүй мэдэж авсан. Тэр мөнгө хашаа хэний кармаа руу орж байгаа юм бол бүү мэд. Гэхдээ тэр мөнгөөр сургуулийн оюутнуудад хүрэлцэхээр хангалттай ном болон бусад хэрэгцээтэй техник хэрэгсэл авч, багш нарын цалинг нэмж оюутан миний хөгжих нөхцөл илүү бүрдэх байсан гэдгийг сайн мэдэж байна. Уул нь төлбөрийн тайланг ил болгочихвол нэг талаас хэрэглэгч оюутан бидний хяналт нөгөө талаас төлбөр яагаад суралцахад хүрдэггүйг ойлгож хэдэн төгрөг нэмж төлөөд чанартай боловсрол авч болохоо мэдэхсэн. Тэгэхлээр оюутан бид өнөөдрөөс эхлээд өөрсдийн сурдаг сургуулийнхаа санхүүгийн тайланг ил болгох гэж дор бүрнээ цаг ямагт шаардаж хамтдаа өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг та бүхэнтэй адилхан жирийн нэг оюутан хүнийхээ хувьд хүсэж байна.
Бүүвэй бүүвэй, унт унт. Харин энэ бол багш нарын хичээл ордог байдал. Яг л нойрны эм л гэсэн үг. Уйтгартай, нэгэн хэвийн, барагийн хүн ойлгох аргагүй үргэлжилсэн үгийн хувийн зохиолоо уншсаар л. Би өөрөө ч мэдэлгүй нүдээ аничихсан зүүдний ертөнцөөр аялаад явж байх жишээтэй. Багш нар яагаад ингэж хичээлээ уйтгартай ордогийг би сайн мэднэ. Учир нь тогтмол цалин авч сургуулийн захиргаа, сургалтын албанаас өгсөн хувиарын дагуу хичээлээ орох л үүрэгтэй. Түүнээс биш оюутнуудад зааж байгаа хичээл нь хүрч байгаа эсэх нь огт хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл оюутан би багшаа сонгохгүй байгаад л хамгийн гол учир байгаа юм. Бодоод үздээ багш хичээлээ сайн заах, муу заах эсэхээс үл хамаараад тогтмол цалин авч байгаа юм чинь хичээл гунигийн далай болох нь зүйн хэрэг шүү дээ. Хэрвээ би хичээл орох багшаа сонгодог болж нөгөөтэйгүүр аль олон оюутнаар өөрийгөө сонгуулж чадсан багш нь бусад багш нараасаа илүү их цалин авдаг болчихвол, багш нар маань оюутан надад гологдохгүйн тулд ямар аргаар хичээл орвол илүү үр дүнтэй болох, оюутнуудыг хичээлээсээ залхаачихгүйн тулд бүхий л аргаа сүвигчилж, үүний үр дүнд оюутан, бас улс орон маань ч хожих болно.
Хамгийн сүүлд оюутны оролцооны тухай яриа. Би өөрийгөө хэрэглэгч нь мөнгөө төлж ямар чанартай бараа авахаа өөрөө сонгодог чөлөөт зах зээлтэй улсад амьдардаг гэж ойлгодог. Гэхдээ дээд боловсролын хувьд асуудал өөр байна. Социализмын үед төр хувь хүмүүсийг коммунизмд хүрэхийн тулд боловсролоор дамжуулан бэлдэхдээ юу үзэж болох, юу үзэж болохгүйг төр зааглан ялгаж зөвхөн төрийн зөв гэсэн зүйлээр толгойгоо цэнэглэн иргэд иргэд гэхээс илүүтэй төрийн зорилгод хүрэх машин болон хувирдаг байсан. Энэ нь чөлөөт нийгэмрүү шилжээд 18 жил болоход өөрчлөгдсөн юм огт алга. Дээд боловсрол эзэмших гэж оюутан би мөнгө төлж бас цаг заваа гарздаж байгаа хувь хүнийхээ хувьд ямар технологиор, ямар хичээлүүдийг, яаж үзэх вэ гэх оюутан миний эрх ашигтай холбоотой аливаа шийдвэр гаргахад оролцож, оюутан надад хэрэгтэй зүйлээ ялган авч хэрэггүй зүйлийг дээд боловсролоос гаргаж хаямаар байна. Бас үүнээс үүсэх үр дагавараа ч үүрч илүү их хариуцлагатай байхыг хүсэж байна. Оюутан миний энэ хүсээд байгаа зүйл саяхан Дани улсад илэрлээ олжээ. Дани улсын парламентаас "боловсролын тогтолцоог ардчилах нь" гэсэн тогтоол гарсан бөгөөд энэ тогтоолоор боловсролын яам оюутнуудын ашиг сонирхолтой холбоотой аливаа шийдвэр гарахад оюутнууд өөрсдийн санаа бодлоо илэрхийлж шинжээчдийн баг болж оролцох эрхтэй болсон байна. Монгол улсад яагаад ингэж оюутны оролцоог бий болгож болохгүй гэж. Харин ч бид өөрсдөө эзэмшсэн боловсролоороо илүү их баялаг бүтээх учраас сургалтын агуулга ямар байх, ямар хичээл үзэж байвал илүү их баялаг бүтээж болохоо бид өөрсдөө хамгийн сайн сонгож чадна.
Эцэст нь тэмдэглэхэд оюутан бид хичээл орох багшаа сонгодог, сургууль сургалтын төлбөрийн зарцуулалтыг ил болгож, оюутан миний эрх ашигтай холбоотой аливаа шийдвэр гаргахад аяндаа л оролцуулдаг болно гээд бурхан ч юм уу аль эсвэл хэн нэгэн боловсролын сайд хийчих байхаа гэж зүгээр суух юм бол Монголд оюутны ардчилал хэзээ ч жинхэнэ утгаараа оршин байж чадахгүй. Оюутан бид залуу хүмүүс бидний зүрх сэтгэлд эх орноо хөгжүүлчих юмсан гэсэн агуу мөрөөдөл байдаг. Харин бид эхлээд өөрсдийгөө болон байгаа сургалтын үйл явцаа өөрчилж дараа нь Монгол улсаа өөрчлөн хөгжүүлж болно . Цаашлаад дэлхийг ч өөрчилж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж?.